ХООЛЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНД МОНГОЛЧУУД ТЭРГҮҮЛЖ БАЙГАА
Г.Лхагваа: Шуудхан хэлчихье. Хоолзүйн шинжлэх ухаанд монголчууд тэргүүлж байна. Бусад нь хуучин номоо дэрлэцгээгээд унтаж байгаа шүү.
Үндэсний шуудан сонин № 224\938\, 2010.9.20
Д.Пүрэвсүрэн
“Хэрвээ ЮНЕСКО-д хоол бүртгүүлэх ёстой юм бол монголчуудын хүнс, тэдний шинжлэх ухаанч хоолзүй л тохирох байх. Өөр тэнцэх үндэстэн дэлхийд байхгүй”.
Тэрээр энэ үгийг их ёжлонгуй хэлсэн. “Европын дөрвөн улс нийлээд зөв хооллолтын жорыг ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа гэнэ” хэмээн хэлсэн үг маань түүнийг ингэж хариулахад хүргэж л дээ. Хоолзүйн шинжлэх ухаанд томоохон нээлт хийгээд байгаа энэ хүн бол Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа. Түүнтэй ярилцлаа.
Шуудхан хэлчихье. Хоолзүйн шинжлэх ухаанд монголчууд тэргүүлж байна. Бусад нь хуучин номоо дэрлэцгээгээд унтаж байгаа шүү.
-Та яасан итгэлтэй хэлж байна вэ. Зөвхөн монголчууд л зөв хооллолтын зарчмыг мэднэ гэж үү?
-Монголын уламжлалт хоолзүйг судлахад гайхалтай, сонин зүйл гардаг юм. Юу гэхээр дэлхий нийтээр өнөөг хүртэл олж чадаагүй байгаа хоолзүйн шинжлэх ухаанч мэдлэгийг XIII зуунд монголчууд аль хэдийнээ үндэстний хэмжээнд хэвшүүлчихсэн байсан. Монголчуудын хоолзүйд шинжлэх ухааны гурван том баримтлал бий. XIII зууны хоолзүйн шинжлэх ухааны гол үндэслэл нь хязгаартай хоол буюу оюун санааны хоол. Тухайн үед монголчууд европчуудаас 5-6 дахин бага хооллодог байж. Энэ талаар В.Рубрук, П.Карпини зэрэг лам нарын групп Монголд ирж, хоёр жил гаруй тандан судалсан судалгаандаа тов тодорхой бичсэн байдаг. Энэ бол бидэнд бодит үнэнийг хэлж өгсөн, хамгийн зөв судалгаа. Марко Поло бол зүгээр л худалдаачин, юу ч хэлж мэднэ. Тэрнийх баталгаатай биш. В.Рубрук, П.Карпини нарын судалгаанд, “Энэ орон шиг ийм их уналга хөсгийн малтай орон өөр байдаг болов уу” гэж уулга алдсаныг дүгнэж үзвэл тэр цаг үед монголчуудын хоол хүнс элбэг байжээ. Хоёрдугаарт, манайхан байгалийнхаа үнэгүй зүйлд ам хүрдэггүй ард түмэн байсан, энэ нь бүр 1995 он хүртэл үргэлжилсэн байна. Сандурсын “Монголчуудын байлдан дагуулал” номын төгсгөлийн өгүүлбэрт “Бичиг үсэггүй, бүдүүлэг ард түмэн соёлт гүрнүүдийг яаж байлдан дагуулсныг одоо хүртэл олж мэдээгүй байна” гэсэн зөв дүгнэлт хийсэн нь өнөөгийн дэлхий түрүү үеийн монголчуудыг таньж мэдээгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Энэ номонд дэлхийг эзлэх тухай стратеги тактикийг 300 гаруй хуудсанд бичсэнийхээ дараа л харин дээрх зөв дүгнэлтийг хийж. Монголыг оруулаад дэлхийн бүх судлаачид Чингисийн байлдан дагууллын амжилт нь стратеги, тактикдаа л байна гэдэг. Үгүй юм байна. Стратеги тактик байлдаанд чухал гарцаагүй. Гэвч энэ нь оюун санааны хөгжлийн л нэг үзүүлэлт. Харин монголчуудыг оюун санааны хөгжилтэй, хүчтэй, туулах чадвартай, эрүүл мэндийн өндөр үзүүлэлттэй болгосон зүйл бол тэдний зөв программ хангамж буюу юуны өмнө хязгаартай хоолны нь дэглэм, чухамдаа оюун санааны хоол нь байсан байна. Энэ бол дэлхийн өөр хаана ч байгаагүй, одоо ч нээж олоогүй агуу ололт. Хоолыг багасгаж байж хүмүүний хөгжлийн бүх амжилтад хүрсэн нэг ч ард түмэн монголчуудаас өөр байхгүй. Хувь хүмүүс бол олон бий.
-Хязгаартай хоолны дэглэм гэдэг нь бага хооллоно гэсэн үг үү?
-Хязгаартай буюу оюун санааны хоол нь би өөрийгөө биш гэдэсний микроорганизмыг хооллоод, тэдгээрийн синтезийн бүтээгдхүүн болох уураг, өөх тос, эрдэс, аминдэмээр физиологийнхоо хэрэгцээг хангах тухай эртний монголчуудын нээж олсон онол. Одоогоор ийм онол байхгүй л дээ. Хүний биеийн жингийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний микроб бидний гэдсэнд байгаа. Үүнийгээ монголчууд дулааны улиралд есөн сар тараг, айраг зэрэг амьд эс агуулсан бүтээгдэхүүнээр баяжуулдаг бүтцийг нь сайжруулдаг байж. Монголчуудын хоолзүйн хоёрдахь зарчим нь XVI зууны үед бүрэлдэж бий болсон махбодийн онцлогтой хооллолт. Энэ үед Дорно дахинд хүнийг танин мэдэх шинжлэх ухаан ихээхэн хөгжиж,махбодь, өвчин, улирлыг хий, шар, бадган гэсэн томъёоллоор авч үзсэн системийн онолыг бий болгосон юм. Эдгээр ойлголтуудыг шинжлэх ухааны гранд доктор, профессор М.Амбага багш судлаад хий, шар, бадганы онол нь эсийн мембраны онолтой таарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр дорно дахины ард түмэн зөв хоололтыг эсийн мембраны төвшинд гаргаж тавьсан гэсэн үг. Дараа нь би энэ асуудлыг энерги талаас нь судлаад хий, шар, бадганы онол мөн энергийн онолтой таарч байгааг анзаарсан юм. Дорно дахины энэ гайхамшигтай шинжлэх ухааныг монголчууд амьдралдаа бүтээлчээр олон зуун амжилттай хэрэгжүүлсэн. Хий бие махбодьтой хүнийг бид гамма-хүн, шар махбодьтойг альфа-хүн, бадган махбодьтойг бетта-хүн гэж томъёолоод, энергийнхээ шинж чанараар хүн төрөлхтөн альфа, бетта, гамма, тэдгээрийн хосолсон 4 шинж, нийт 7 бүлэгт ангилагдана гэж үзсэн юм. Тэгэхээр зөв хооллолтын үзүүлэлт болж байгаа нас, хүйс, ажил хөдөлмөрийн онцлог, илчлэг гэсэн одоогийн үзүүлэлт огт буруу, огт хэрэггүй болж, үүний оронд махбодийн энергийн түвшин, бодисын солилцооны эрчим, хөдөлмөрийн нөхцлөөр бус махбодийн шинж чанараар нөхцөлдсөн илч зарцуулалт, мөн л махбодийн онцлогоор нөхцөлдсөн илч нөхөлтийн зарчмуудыг бид томъёолоод байгаа юм. Энэ бол физик биеийн хооллолтын тухайд одоогийн онол баримтлалуудыг бүрмөсөн өөрчилсөн хэрэг. Харин хүний 7? Хүртэл хувийг энерги , 40 шахам хувийг физик бие эзэлнэ гэсэн бидний томъёоллоор бол энэ нь хэдий нэн хувьсгалч онол боловч бас л бодит хоолоор хөөцөлдсөн үзэл номлол болохоор цаашдаа “жинхэнэ оюунт” хүний шаардлагыг бас л хараахан хангахгүй. Нөгөө нэг зүйл нь монголын эрдэмтэн судлаачид хүнсний функционал буюу зохицуулагч үйлчлэлийг нээж олоод байна. Энэ бол хүнс судлалд бий болж буй хувьсгал юм. Хүнс бол дээд эм тан юм байна. Тэгэхээр шуудхан хэлчихье. Монголчууд хоолзүйн шинжлэх ухаанаар дэлхийд тэргүүлж байна. Бусад улс орон бүгд унтаж байгаа.
-Тэгээд өнөөг хүртэл хүн төрөлхтөн хоолзүйн ямар шинжлэх ухаанаар явж байсан гэсэн үг вэ?
-10-аад жилийн өмнө дэлхийн эрдэмтэд хүнсний зохицуулагч үйлчлэлийг оллоо гэж ойлгосон бөгөөд Оросын академич Шендеров “Хүнсний функционал чанарыг олсон нь сансрын уудмыг эзэмшсэн, атомын эрчим хүчийг ашигласан, компьютер бүтээсэнтэй тэнцэхүйц юм” гэж дүгнэсэн. Учир нь хүнсний шинжлэх ухаан өдгөөг хүртэл гагцхүү хүнсний чиглэсэн үйлчлэлийг судалсан, тиймдээ ч хүмүүнд эрүүл байх хоолны зөвлөмж өгөх чадваргүй байсан байна Тиймдээ ч буруу хооллолтоос болсон өвчнөөр дэлхий дүүрч байна шүү дээ. Кальц хэрэглэхээр ясыг сайжруулна, кальцийн шимэгдлийг D буюу нарны витамин сайжруулна гэх жишээтэй. Энэ явцүү ойлголт эрүүл мэндийг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийх чадваргүй юм. Одоо харин хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрс усны эсийн мембранд үзүүлэх нөлөөллийг олж мэдсэнээр хүнийг эрүүл байлгах, өвчлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүр эмчлэх зэрэг 4 салангид үйл ажиллагааг нэг мөр хүнсээр хийж болох боломжтой болж байгаа юм.
Хүний зохицуулагч үйлчлэлийн шинэ онолоор бол ямар махбодьтой, ямар өвчтэй хүн, аль улиралд яаж хооллох тухай онол бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо сайн, муу хоол гэсэн ойлголт байхгүй. Тухайлбал, одоо хү бүр л сайныг нь гайхан өдөр бүр хэрэглэж байгаа 100 г зөгийн бал нь 4 бетта зохицуулагч үйлчлэлтэй тул намрын улиралд элэгний эсийг хамгаална, харин аль улиралд элэгний цирроз, хавдрыг болон бүх архаг өвчнийг хүндрүүлнэ гэж үзнэ.
-Монголчуудын хоолзүйн эхний хоёр баримтлал нь хязгаартай буюу оюун санааны хоол, бие махбодийн онцлогтой хоол юм байна. Тэгвэл гуравдахь нь юү вэ?
1. -Энэ бол улирлын онцлогтой хоол. Өнөөдрийн шинжлэх ухаанд гаднах темпратур 10 градусаар хүйтрэхэд махбодийн бодисын солилцоо 8.6 хувиар нэмэгдэнэ гэсэн ганц тоо л байна. Үүнийгээ хэрэглэж мэддэггүй. Саяхан манай нэг эрдэмтэн малчин монголчуудын бодисын солилцоог судалсан диссертацаа Америкт хамгаалж л дээ. Түүний судалгаагаар монголчуудын бодисын солилцооны түвшин өвөл, зуны улиралд ижил гарчээ. Тэгээд бодисын солилцооны эрчимд агаарын хэм нөлөөлдөггүй гэсэн дүгнэлт хийгээд хамгаалчхаж. Гэтэл түүний судалгаагаар малчин монголчууд өвөлд зунаас өөх тосыг 42 хувиар их авч, харин зунд өвлөөс уургийг 17 хувиар их авч байжээ. Энэ юу хэлж байна вэ гэхээр илчлэг ихтэй өөх тосыг өвөл нэмүү хэрэглээд дээр нь гэрээ, бас хувцсаа зузаалчихсан, зуны дулаанд өөх тосоо багасгаад уургийг нэмж, хувцсаа, бас гэрээ нимгэлчихсэн нөгөө бичиг үсэггүй, бүдүүлэг” малчны маань бодисын солилцоо өвөл ч,зун ч нэг хэвийн байж л дээ. Америк нь ч, монгол нь ч хоолзүйн шинжлэх ухааны хувьд нэг иймэрхүү. Энэ бол хүнсний зохицуулагч үйлчлэлийг монголчууд, ерөөс дорно дахины ард түмэн эрт дээр үеэс мэдэж амжилттай хэрэгжүүлсний бодитой жишээ, өнөөгийнхний хувьд бол ердөө гайхамшиг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд уургийг ихээр хэрэглэх нь ямар сайн буюу муу нөлөөтэйг шинжлэх ухаан мэдэхгүй байгааг хэдэн жилийн өмнөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмхэтгэлд тэмдэглэсэн байгаа. Бидний олсноор уураг олон бетта үйлчлэлтэй, ихээр хэрэглэвэл эсийг хөөлгөх, таргалуулах, архаг өвчин, элэгний цирроз, хавдрыг хүндрүүлдэг байна.
- Энэ гурван төрлийн хооллох баримтлалыг өөрсдийн программ хангамжаа болгосны хэрэг яаж гарсан бол?
Түрүү үеийн монголчуудын туулах чадвар нь унасан мориноосоо гадна 1-2 хөтөлгөө морины хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлвэл 3 морины туулах газрыг 1-2 хоног юу ч идэж уухгүй, бас унтахгүй, мориноосоо буулгүй туулах чадвар гэсэн үг. Хүн төрөлхтөний түүхэн дэх дээд амжилт. Хүч чадал нь одоогийн дэлхийн рекорд тогтоосон нум сумнаас дөрөв дахин хүнд, дундаж харвалт нь 4 дахин хол. Энэ нь одоогийн дэлхийн аврагаас дундаж монгол 16 дахин хүчтэй байсан гэсэн үг шүү дээ. Эрүүл мэндийн үзүүлэлт нь үнэхээр гайхмаар байж дээ. 60 настайдаа цэргийн алба хаан улс дамнан дээр өгүүлсэнээр довтолгох чадавхи, 25 км зайд мал амьтныг ялгах хараа, 60, 70-тайдаа ааруул зажилж идэх шүд гэхчилэн. Бага хооллохоор махбодийг бохирдуулахгүй учир эрүүл байдаг, мөн таргалахгүй учир биеийн жинд тархины эзлэх хэмжээ их, нөгөө нь гэдэсний хэмжээг багассан болон биеийн температурыг бууруулсантай дүйхүйц урт наслах боломжуудыг бага хоолны программ хангамжаар нөхцөлдүүлсэн байна. Бас биед шингэхгүй хоолыг одоогийнхоос наанадаж 5 дахин бууруулж чадсанаар өөрийгээ шатааж элээж дуусгах энтропи гэдэг үзүүлэлтийг мөн хэмжээгээр бууруулж, улмаар махбодийн ашигт үйлийн коэффициентийг мөн хэмжээгээр дээшлүүлэх боломжгэсэн үг. Чингис хааны зарлигласнаар цэргийн хүнсийг ар гэр нь хангадаг байж. Өнөө үед ийм сүйтгэлийг ар тал бүүхэл улс даахад бэрх шүү дээ. Хүүхэд Украинд дайтаж байдаг. Эндээс хоол залгуулах болох нь. Гэтэл тэд маань өнжин довтолгоод оройд хоногийн газар буюу зам харгуй харагдахгүй болуут хоноглохдоо чимх борцоор хооллодог байж. Ийм маягаар авч гарсан борцоорроо жил хооллочих жишээтэй. Энэ бол зөвхөн цэргийнхэнд хамааралтай юм биш. Жин тээгчид, мөргөлчид цөм л ийм хоолтой байж. Гэртээ суугаа нь ч ялгаагүй. Тэгэхээр өнөөгийн дэлхийд тэрбум гаруй хүн өлсгөлөн амьдарч байгааг аврах арга нь түрүү үеийн монголчуудын шинжлэх ухаанч мэдлэг юм. Ганц өлбөрөгсөд ч бус их зооглож эрт үхэгсэдийн гарц ч мөн энэ.
-Тэгэхээр зөв хооллолтын тухай дэлхий нийтийн ойлголт нойл хэмжээнд байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Би энэ чиглэлээр тэтгэвэртээ суух хүртлээ ажилласан хүн. Дэлхийн шинжлэх ухааны номлолоор яваад байна гэсэн чинь тэр нь үнэндээ байнд ч үгүй банзанд ч үгүй юм байж.
-Өдгөө мэдээллийн эрин зуунд техник технологи асар хурдтай хөгжиж байхад хамгийн чухал зүйл болох хоолзүйн шинжлэх ухаанаа таньж мэдээгүй явж байна гэдэг сонин байна л даа. Түүнээс гадна монгол гэж жижигхэн улсын эрдэмтэд үүнийг нээчихлээ гэдэг гайхалтай санагдаж байна?
-Үнэн, үнэн. Яагаад вэ гэхээр техникийн шинжлэх ухаан бол /ер нь аль ч шинжлэх ухаан/ байгалийн шинжлэх ухааны хууль дээр л үндэслэнэ шүү дээ. Энэ байшин долоон баллын газар хөдлөлтийг даана гэсэн инженерийн тооцоогоор баригдсан бол түүнээ л даана. Харамсалтай нь хүнийг болохоор буруу төсөөлчхөж л дээ. Физик бие бол хүн гээд наанадаж 400 гаруй жил ойлгочхож. Тэгэхээр энэ нь эс, генийн хуулинд захирагдах болж байгаа хэрэг. Байгалийн шинжлэх ухааны, тухайлбал физик, техникийн хууль хүмүүнд тохирох эсэх тухай бодож ч үзэлгүй өдий хүрч. Тэгээд “хүн” гээч физик биеэ сармагчинтай харьцуулж судлаад, өвөөгөө болгочхоод суугаад байж. Бидний онолоор бол хүн гээд байгаа махбодь буюу физик бие маань жинхэнэ хүний 30-40 хувь, үлдсэн 60-70% нь энерги. Тэгэхээр хүн энергээс үүссэн. Хүний бүх үндсэн шинж чанарыг энерги бие нь бүрдүүлсэн. Тиймдээ ч айлын 15 хүүхэд бүх үзүүлэлтээрээ эцэг эхээсээ өөр, өөр хоорондоо эрс тэс ялгаатай. Үүнийг эцэг эх маань “биеийг чинь төрүүлсэн, санааг чинь үгүй” гэж мэргэн томъёолжээ. Тэгэхээр хүн маань хүссэн ч, эс хүссэн ч, зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч Энергийн хуулинд, Термодинамикийн хуулинд захирагдана, мэдээгүй байхдаа ч захирагдаж л байжээ. Ийм л гамшгийн цаад гамшиг хүмүүнд нүүрлэсэн байна. Хүнийг зөв таньж мэдээгүй байхад ямар нийгмийн онол, эдийн засаг, сургаж хүмүүжүүлэх онол, ямар юмны нь анагаах, хооллох онол байхав дээ. Ийм л гажуудал гарч дээ.
-Шинжлэх ухааны энэ ололтыг түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Нэлээд ажил хийсэн дээ. Эх орны хэвлэл мэдээллээр бишгүй л их бичиж, ярьсан. Номнууд гаргаж, одоо вэб хуудас бэлэн болоод байна. www.Lkhagvaa.mn Олон улсын хуралд олон илтгэл хэлэлцүүлсэн. Одоо Гонконгод илтгэл тавина. Гадаадынхан ч хэлдэг л юм. 4 илтгэл хэлэлцүүлсний хойно Австрийн нэг эрдэмтэн “хачин юм аа, шинэ зүйл яагаад монголчуудаас гараад байна” гэж байсан. Дээдсийнхээ гайхамшигтай шинжлэх ухааныг орчин үеийнхтэй холбосных.
Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ
-Өдгөө манайхан зөв хооллолтыг цагаан хоолтой, цагаан хоолыг бясалгалтай холбож ойлгодог болж. Гэхдээ энэ бүхнийг гадааадынхнаас суралцаж байгаа мэтээр хүлээж авдаг. Нэг ёсондоо бусад улс орон л зөв хооллолтын зарчмыг мэддэг гэж ойлгодог шүү дээ?
-Цагаан хоол бол жинхэнэ монголчуудын үндсэн өв, шинжлэх ухаан юм шүү. Агуу хүмүүс цагаан хоолтон байсан, одоо ч тийм байна. Жишээ нь, Эйнштейн. Тэрээр “Шинжлэх ухаанч шашин гэж байдаг бол тэр нь буддизм” гэж хэлсэн. Европт байгаа эрдэмтэн ийм дүгнэлт хэлнэ гэдэг амаргүй шүү дээ. Буддизм бол шашин гэхээсээ илүү хэтийдсэн шинжлэх ухаан гэдгийг Эйнштейн ойлгосон хэрэг. Буддын шашны нэг гол онол бол хоосон чанар. Үнэн хэрэгтээ бүх зүйл бодитой оршдоггүй. Одоогийн онолын физикт дээд ертөнцийн хоосон орон зайн төсөөллийг сайн ойлгодог болсон шүү дээ. Чамайг бясалгал гэснээс үүдээд ийм яриа өрнөчихвүү дээ. Хоосон чанарыг уншиж ойлгохгүй, бясалгаж байж ойлгоно. Эйнштейн бясалгасны баталгаа нь цагаан хоолтон болсонд байна. Тэр үед цагаан хоолтон болно гэдэг гарцаагүй зүйлд тулгагдсаны шинж. Тэр нь юу байж болох вэ? Дээд бясалгал. Гэрэл, аялгууны буюу дээд бясалгалыг тэрээр бие дээрээ мэдэрснээрээ физикийн олон хэмжээс рүү нэвтэрч орсон байх магадлалтай. Германы суут эрдэмтэн Гегель, Эйнштейн хоёрын намтарт 1.5-2 жил хаана байсан нь мэдэгдэхгүй онгорхой зай байдаг юм гэнэлээ. Үүнийг Гитлерээс зугтан хаа нэгтээ орогнож, нуугдаж байсан гэж үздэг. Үнэндээ энэ хугацаанд бясалгасан гэж үзмээр юм шиг байгаа юм. Бясалгасны баталгаа нь Эйнштейн харьцангуйн онолын томъёогоо гаргалгагүй шууд бичсэн гэдэг. Энэ нь Тэрээр олон хэмжээст физикийн вакуумд орж, хоосон чанарыг мэдэрсэн тэр үед шууд орж ирэх боломжтой. Бидний нээлтийн зарим нь ч бясалгалтай холбоотой. Тэгэхээр Эйнштейн: “Би Бурханы хүслийг л мэдмээр байна. Бусад нь аахар шаахар зүйл” хэлэх үндэстэй.Энэ аахар шаахар зүйлд түүний гарамгай нээлтүүд ч орж байгаа.
-Бясалгалаар дамжуулж цагаан хоолтон болж байгаа нь оюун санааныхаа шаардлагаар ингэж байгаа хэрэг үү?
-Тийм. Оюун санаа буюу ухамсар маань одоо энерги бие болж таарч байна. Тэгэхээр ухамсар ба материйн аль нэг нь анхдагч биш, харин хоёул нэг юм болж таарч байна. Үүнийг онолын физик ч зөвшөөрсөн. Бясалгал, ялангуяа дээд бясалгал хийж байгаа хүн заавал цагаан хоолтой байхаас аргагүй. Учир нь та мөнхийн бие болох ухамсар буюу оюун санааны биеэ, эсвэл сүнсэн бие ч гэж болно, бясалгуулж, түүний хөгжлийг хангах гэж байна. Тэгэхээр энерги биеийг махаар хооллож, архиар ундалж, тамхиар утаж хөгжүүлэхгүй нь энгийн хүн бүрд ойлгомжтой. Зөвхөн бясалгалаар л хооллоно. Яагаад цагаан хоол хэрэглэдэг вэ гэхээр бясалгуулах тэрхүү энерги биеийн болон физик биеийн цахилгаан-соронзон талбайг цэвэрлэх явдал юм. Нөгөөтэйгүүр 30-40 хувийн физик биедээ таарсан одоогийнхоос даруй 70% бага хэмжээний хоол нь цагаан хоол байх ёстой. Тархины хөгжил бол хүний хөгжил биш. Биеийн 70 хувийг эзэлдэг энергийн хөгжил л хүний хөгжлийг тодорхойлно. Ингэж хөгжсөн олон хүнийг бид харамсалтай нь олж хардаггүй. Бурхан Багш, Исус Христийг мэдэхгүй хүнгүй. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай байна. Тэднийг бид хий хоосон бурханчилж шүтэхээс биш энерги биеэ өөд татсанаар хүн бүр хөгжлийн энэ төвшинд хүрч болно гэдгийг ойлгодоггүй.
-Хоолны тухай яриа маань эцэстээ бясалгал руу орчихлоо. Бясалгал гэдэг чухамдаа хүний хөгжилтэй холбоотой ойлголт юм байна. Тэгэхээр яриа маань хоолноос хүн рүү шилжиж байна гэж ойлгож болох нь ээ?
-Бясалгал бол хүн дотоодынхоо мөн чанарыг нээж олох арга. Америкийн холбооны компани ажилчдаа өдөрт 15 минут бясалгуулахад хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгджээ. Зүүн тархи бүх ажлын 70 хувийг, баруун тархи 30 орчмыг бүтээдэг. Гэтэл америкийн эрдэмтэд бясалгалаар хоёр тал тархийг синхрон ажиллуулаад зогсохгүй асар их бүтээмж гаргаж болохыг судалжээ. Бясалгалын бясалгалын хүчээр дотоод мөн чанараа нээж олсны ачаар тархины ажиллагаа сайжирна. Бясалгалаар өөрийгөө хөгжүүлэх энергийн есөн төвшин бий. Нэгдүгээр төвшинг давъя гэвэл зуу гаруй энергийн хэлбэлзлийн төвшинд ухамсраа хөгжүүлэх ёстой. Ингэснээр физик биед хоёр хромосом нэмэгдсэний дайтай үр дүн гарах бөгөөд хүний авьяас билэг нээгдэнэ. Ингэхээр тархи маань бас үр дүнг нь хүртэж байна гэсэн үг. Угтаа бол ухамсар буюу оюун санааны бие маань хөгжиж, илрэл нь махан бодь дээр гарч байгаа юм. Ерөөс бүх зүйл энергийн төвшнөөрөө л ялгарна. Энэ нь хөгжлийн төвшин гэсэн үг. Өөр ялгаа бидэнд байхгүй. Чи сэтгүүлч, би шинжлэх ухааны доктор гэдгээр ялгарахгүй.
-Эцэст нь хоолзүйн шинжлэх ухаан 180 градус эргэсэн энэ үед хүн ямар шат дарааллаар зөв хооллож сурах вэ?
-Дээр хэлсэнчлэн муу, сайн хоол гэж байхгүй. Махбодийнхоо энергийн онцлогт тохируулж, мөн хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолын баримтлалаар л хүн, өвчин, цаг улирал, хоолыг хамтад нь авч үзэ хооллоно. Энэ огт түвэггүй зүйл. Одоо хоёул үг олдож, үхэр холдсон хойно гавьтай юу ярих вэ. Нэг мөр ингэж тэгэж хоолло гэх хэцүү. Нийт хүмүүст хамааралтай зүйл бол цагаан хоол. Одоогийн цагаан хоол нь шар буурцгийн бүтээгдхүүнд суурилсан, эрүүл мэндийн маш сонирхолтой программ юм. Шар буурцаг нь мах, сүүнээс 3-7 дахин их уурагтай, тэр нь тэдгээрийнхтэй адил төгс чанартай, харин мах, сүүнээс 3-4 дахин хурдан шингэцтэй. Сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфорыг 2 дахин, төмрийг махныхтай адил хэмжээгээр агуулдаг хирнээ 100 граммдаа 200 мг хүртэл изофлавин хэмэээх антиоксидант буюу исэлдэл хориглогч бодис агуулдаг гайхамшигт хүнс гэж ойлгох хэрэгтэй. Бүх насныхны хүнсний хэрэглээ бол шар буурцгийн бүтээгдэхүүн байгаа юм. Манайханд мэдэхгүй юмаараа мэдэмхийрдэг нэг айхтар зан бий. Цагаан хоол муу л гэнэ. Монголчууд махгүй бол үхнэ л гэнэ. Үргүй болдог, нялхасын өсөлт зогсдог л гэнэ. Ийм цуурхалыг бүү тоо. Би биеэрээ энэ л хоолны мэргэжилтэн байна. Хаана юу болж байгааг би харж мэдэж байна. Бас миний өвчтнүүд шар буурцгийн хоолоор ямар болж байгааг мэднэ. Өнгөрсөн хавар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хамтран 4-5 жил шар буурцгийн цагаан хоолоор хоолосон, 45-аас дээш насны 67 хүмүүст судалгаа хийхэд 2 нь судасны багахан өөрчлөлттэй, бусад цоо эрүүл дүн гарсан. Тэдний ихэнх нь өмнө нь хүндхэн өвдөж байсан хүмүүс байсан шүү. Цагаан хоолтон махан хоолтноос зүрхний өвчнөөр өвчлөх нь 95% бага, мөн мах хэрэглэдэг 17 үндэстний дотор 15-д нь хавдрын өвчин өрнөлтэй байсан бол мах бага хэрэглэдэг болон цагаан хоолтой 35 үндэстэнд хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиол байгаагүй гэсэн америкийн эрдэмтдийн судалгаа бий.
Хоолны талаарх буруу программ, мэдлэг л биднийг алж байна. Шинжлэх ухааны нэр зээлдсэн аахар шаахар мэдлэг хүн төрөлхтөнийг бүр ч гайтуулж байна. Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ
Хүн төрөлхтөний энергийн хууль
2006 онд хэвлэгдсэн, 362 хуудас бүтээл.
Оршил
Судалгааны үр дүнд юуны өмнө монголчуудын тухай ойлголтонд шинэ таамаглал дэвшигдэхэд хүрч байна. Монголчууд нь өөрийн бий болгосон шинжлэх ухааны баримтлалыг амьдралд хэрэгжүүлснээр өөрийгээ хүн төрөлхтнөөс түрүүлж хөгжүүлэх боломжийг лавтай мянгаад жилийн өмнө
бүрдүүлчихсэн байжээ.
бүрдүүлчихсэн байжээ.
Монголчууд хоолны хатуу дэгээрээ дамжуулан бие махбодийнхоо дотоод энергийг дайчлах ухааныг олсоноороо өөрийнхээ туулах чадварыг наанадаж унасан мориноосоо давуу, хөтөлгөө морины хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гэж үзэж болох бөгөөд гайхамшигтай нь оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Бүх ард түмэн зуун зуунаар оюун санааны хоолтой байна гэдэг бол ер бусын гайхамшигт үзэгдэл юм.
Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байж чадсан нь ухамсарт хүний агуу их ялалт мөн бөгөөд энэ чанараараа "үндэсний гэх гал тогоогүй" үлдсэн үндэсний бахархалтай орон байжээ.
Монголчууд дорно дахины ард түмний нэг адил сүнсээ буюу энергээ эрхэмлэх ухааныг олсон нь хувь хүний хөгжлийн нэн чухал ололт байсан гэж дүгнэж болох юм.
Эдгээр нь бүхэлдээ монголчуудаас хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан шинжлэх ухааны үнэлж баршгүй хувь нэмэр юм.
Хүнзүй, хоолзүй, анагаах ухааны салбарт хийсэн эрдэм судлалын ажлын дүнд бид юуны өмнө хүний талаар өнөөг хүртэл баримталж ирсэн төсөөллийг өөрчилж, мөн хүн төрөлхтний хоолзүйн онолын баримтлалыг шинэчлэх оролдлого хийсний дээр анагаах ухааны салбарт эмчилгээний технологийг шинээр бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажлын эхлэл бий болсон билээ.
Хүнийг зөв томъёолсон нөхцөлд хүн төвтэй шинжлэх ухааны нэлээд салбарт одоогийн мэдлэгийг хянаж үзэх шаардлагатай юмуу даа гэсэн судлаачийн сэтгэгдлийг энэ номонд өгүүлэх болно.
ДЭЭД БЯСАЛГАЛ БА ХҮМҮҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ БОЛОМЖ
Г.Лхагваа (ШУ-ны доктор, профессор)
“Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Сэтгэлийн хүч маш их болохоор Диваажины орныг бүтээж, Эрлэг тамын орныг эвдэж чадна. Аливаа бүхэн цөм энэхүү сэтгэлд л байгаа юм” /Гимлайн нуруунд бясалгасан нь, 4-р боть/ гэж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нэгэнтээ хэлсэн билээ. Тэрээр 1987 онд Тайбэйн Шиньдяньд ном тайлахдаа: “Гималайн нуруунд их олон бясалгагч сууж байна. Тэд нэг хоёрхон жилээр бясалгахгүй, хэдэн арван жил, зуун жил, мянган жилээр бясалгадаг. Тэдний заримынх нь нас асанги галавтай чацуу. Тэд бидний оршиж байгаа дэлхийн бөмбөрцөг буй болохоос эхлээд одоо болтол амьдарч байгаа юм. Тэд хэдийгээр хэдэн мянга, сая жилийн настай боловч хорин тав буюу гучаад настай юм шиг залуухан харагдана. Тэд маш нууц номын ёс болох Аръяабалын номын цогцыг хамгаалж байна” /Моломын үүсвэр, 4-р боть/ гэж айлдсан юм.
Хүний болон түүний хөгжлийн дээд мөн чанарыг таньж мэдсэний үндсэн дээр гүн гүнзгий сэтгэлгээний хөгжлийн үр дүнд Дээд буюу Аръяабалын бясалгал их эрт бий болж эдүгээ хүртэл хамгаалагдан уламжлагджээ.
Бясалгалын мөн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь бидний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хүчний түвшинг дээшлүүлнэ, хөгжүүлнэ гэсэн хоёр санаа үүдэн гарч байна. Тэгэхлээр хүний хөгжил гэдэг бол энергийн хөгжил юм. Үүнтэй дүйцүүлэн бодвоос бясалгана гэдэг бол өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг юм.
Олон бясалгалын мөн чанар нь эцсийн үр дүнд ямар түвшинд хүрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бүрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хөгжүүлэх зэргээр тодорхой шатанд хүнийг өөд татах нь зайлшгүй. Гагцхүү аль шатанд хүртэл хөгжүүлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хүрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.
А.Эйнштейны онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог байна. Чухамдаа энергийн энэхүү хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүнийг гэгээрсэн хүн, энэхүү үйл явцыг гэгээрэл гэнэ. Өдгөө цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө эдгээр гурван цагийн бүтээгдэхүүн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг юм. Сансрын олон хэмжээс уруу нэвтрээд гарахлаар ертөнцийн буюу физик вакуумд орж байгаа хэрэг юм. Энэ вакуумд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор оршиж байдаг аж. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд үйлчилдэггүй. Бүх юм, бүх цаг нэг дороо учраас бүгдийг зэрэг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм уруу орж байгаа хэрэг юм. Ийм хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн хүн л тэр аугаад хүрч чадна. Тэрхүү физик вакуумыг эдүгээ торсион орныг зөөгч гэж үзэж байгаа ба ингэснээр ертөнцийн биет нь цахилгаан-соронзон хүч, таталцлын буюу гравитацийн хүч, атом ба түүний бичил хэсгүүдийн хооронд үйлчлэх сул ба хүчтэй харилцан үйлчлэлийн хүч гэсэн 4 хүчний нөлөөнд оршино гэх үзэлд нэмэлт орж, эд бүгд нэг эх үүсвэртэй, тэр нь физик вакуумд үйлчлэх тав дахь хүч буюу торсион орон гэж үзэж байна. Мөн хий, шингэн, хатуу, плазм гэсэн бодисын 4 төлөв дээр вакуум /торсион/ гэсэн 5 дахь төлөв бас оршиж эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сүнс/ болохыг онолын физик нэгэнтээ зөвшөөрөөд байна /С.Хүрэлсүх, С.Очирсүх, 2005/. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1см3 эзлэхүүн дэх нягтрал нь атомын цөмийн нягт /1014 г /-тай харьцуулахад төсөөлшгүй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоосон /А.Туваанжав, 2004/. Тэнд хүрэхийг дорно дахины гүн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ төсөөлшгүй орчныг Чин Хай Багш тодорхойлохдоо: “Хэрэв давхарлан өмсөж байгаа билэгт цогцын хувцсаа бүгдийг нь тайлж хаявал сүнс маань нүцгэрнэ. Тэр үед сүнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад, нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж үгүй болно. Энэ нь тун өндөр зэрэгт хүрснийг харуулж байгаа юм. Ийм сүнс хааяагүй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, Замбуулингийн оронд ч, Буддагийн оронд ч байна. Тэр үед “хотол зохилдогч” болж хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг /Будда хэрхэн эгэл хүн болох вэ, 4-р боть/. Энэхүү түвшинд зөвхөн бясалгалын ачаар сүнсний хөгжлөөр хүрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгүй юм.
Ийнхүү Дээд бясалгалын эцсийн дүн нь хүн өөрийгээ нээж олох явдал юм байна. Оюун санааны хувьд явагдаж байгаа бүхэн нь энергийн түвшинд болж байгаа зүйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хөгжлийн үйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сүнс буюу цөм энергийн түвшинд болж байгаа процесс юм. Улмаар энэ бүхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн түвшинд болж байна гэсэн үг. Эсийн удирдлага, хөтөлбөр болж байгаа хэрэг.
Бидний бие 70-100 тэрбум эсээс бүтдэг. Тийм их амьд биетийг удирдах хөтөлбөрийг бид бясалгалаар өөрчлөн хөгжүүлж болдог гэсэн үг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол сүнсээ төдийгүй физик биеийг хөгжүүлэх хэлэхийн аргагүй асар ач холбогдолтой дадал юм. Хүмүүн бээр зуун зуунаар хэрэгжүүлж ирсэн гайхамшиг юм. Өдгөө хүн төрөлхтөн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь үүнтэй холбоотой.
Бясалгал нь тухайн хувь хүн өөртөө, өөрийнхөө төлөө, хүн зоны төлөө оюуны их хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.
Энерги бол юуны түрүүнд мэдээллийн үр дагавар, үйлдлийн үр дүн гэж ойлгож болно. Энэ мэдээлэл буюу үйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай. Энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бүхнийг зохицуулах ба үүнийг мэдчихвэл хүн өөрөө өөрийгээ хялбархан удирдчихна. Энерги хямрахын хирээр улс оронд ч, хувь хүнд ч зовлон гамшиг нүүрлэнэ. Материаллиг зүйл тархинд нь овоолоостой, материаллиг зүйлээр сэтгэл нь чихээстэй хүн хаанахын хэн ч бай ялгалгүй энергийн хямралтан юм. Энэ нь гай түүтгэрийн үүдийг нээдэг түлхүүр юм. Энерги хямарч, бохирдож доройтохыг бузартах гэнэ. Үүнийг бас ад хорлол ч гэдэг. Бясалгал бол энергийн биетийн удирдлага, эс бүрийнх нь программчлал буюу удирдлага нь юм. Удирдлагын энэ тогтолцоо алдагдсан, эс бөгөөс үүнийг ухаарч мэдэхгүйгээс бий болсон сөргүү мэдээлэл /энерги/ үүсэх синдром /солиот дадал/ нь нэг төрлийн ад хорлол юм. Ийм хүмүүнийг ад шүглэсэн хүн гэж нэрлэдэг. Үүнийг ном уншлагаар засчих арга мөхөс, гагцхүү бясалгал л аврана. Үйлдэл ямар бол энерги, үр дагавар нь мөн тийм байна. Энэ хоёр үзүүлэлт шууд хамааралтай гэж ойлгож болно. Ийм болохоор энергийн хууль шиг хатуу, бас байг яг онож үйлчилдэг өөр хууль байхгүй. Яг бууны сум шиг тусна. Энэ өгүүлэл хэн нэгэнд аятай сэтгэл үүсгэж байгаа бол та аядуу сайн энергитэй юм байна. Баяр хүргэе. Харин хилэн үүсгэж эмлэрэмгүй байгаа бол таны энерги сөргүү /хар/ талдаа байна гэж оношлоорой. Үүнийг бас хорлол ч гэдэг. Танд ном, лам тус болж магадгүй ч бясалгалаас илүү нь үгүй. Харамсалтай нь бясалгал танаас даан ч хол зайтай байна даа.
Нэг юмыг хоёр өөрөөр хүлээж авахыг одоогийнхоор үзэл бодол гэдэг. Энэ нь эергүү, сөргүү энерги гэсэн үг. Эдгээр энерги харшилдсанаас /үзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хүнгүй үзэл бодлоо энэ өгүүллээр оношлоод үзээрэй. Хариу нь зөв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны үзүүрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм. Хүмүүний амьдрал хоёр хэсгээс бүтдэг юм байна л даа. Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаах нь дараа насны буюу сүнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хүн амьдралаар нотолсон зүйл тул үүнтэй маргах нь илүүц юм. Энэ түвшинд хүрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас үүсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болно. Энэ асуултанд термодинамикийн I хуулийн 1 ба 3-р заалт хариу хэлнэ. Энэ нь энергийн биет болох хүмүүн /шууд утгаараа энерги/ оргүй хоосноос бий болохгүй гэсэн 1-р заалт. Тэгвэл юунаас үүсэлтэй вэ гэхлээр “энерги нь устаж үгүй болохгүй /2-р заалт/, тэгэхээр хүн устаж үгүй болохгүй нь/, гагцхүү нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ /3-р заалт/” гэснээс үзвэл хүн ямар нэг энергээс үүсэх тухай заалт юм /энэ нь энергит бусад аливаа биед нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цөм буюу хамгийн гол амин хэсгийг сүнс гэдэг. Тэгэхээр хүмүүний үүсэл сүнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчилан хүмүүн /энерги учраас/ устаж үгүй болохгүй болохоор хүмүүний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сүнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ өөрчилнө” /3-р заалт/ гэсэн хуулийн заалт байж байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хүмүүн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу үйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн үйл нь эергүү энергийн утгад, муу үйл нь сөргүү энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая хууль үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын үйлчлэл нь та энэ насандаа ямар үйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн үйл хурааж арвижуулсан бол санаа амар байх нь. Өндөр дээд түвшний энергийн дамтамжинд аяндаа очиж нийлэх нь. Үүнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хүмүүний хүрч дээшилж болох таван их ертөнцийн эхний хэсэг юм. Цаашихыг Бурханы орон гэнэ. Эхнийх нь асурийн ертөнц бөгөөд энэ нь 120 гаруй дэд ертөнцөөс бүтдэг байна. Энгийнээр 120 гаруй энергийн долгионы түвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гарахуйцаар өөрийгээ /сүнсээ/ хөгжүүлвэл хоёрдугаар ертөнцид хүрнэ. Энэ нь басхүү олон дэд ертөнц /долгион/-өөс бүтдэг юм байна. Энэчилэн цааших олон дэсийн ертөнцийг Бурханы орон гэнэ. Харин энэ насандаа “Санаа муут яван хатна” гээч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн өчүүхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энүүхэнд унахнээ. Үүнийг там гэх бөгөөд 22 муухан долгионы түвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зүйл гэвэл нь “энерги устаж үгүй болохгүй” тухай дээрх хуулийн 2-р заалт юм. Энэ нас дууссаны дараа 3-р заалтын дагуу сонгогдон байрлах газартаа 2-р заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж үгүй болохгүй хойно/ сүнсний амьдралаар амьдарна гэсэн үг. Тийм болохоор мөнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, түрүү үеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсаны учир тайлагдаж байгаа нь энэ.
Жирийн нөхцөлд хүний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг /Б.Болдсайхан, 2005/ нь энэхүү материаллиг ертөнцийн үйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, түрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хүч нь сансрын энергийн доод түвшинд байж оюун ухааны дээд түвшинтэй холбогдох ямар ч боломжгүй гэсэн үг юм. Дурын нэг агшинд хүний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг /Тони Бьюзен, 2004/ нь материаллиг ертөнцийн материалжсан үйл ажиллагааны зовлонг өгүүлж байгаа хэрэг юм. Хүний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа түвшинд 1 секундэд 7 удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета түвшинд давтамж нь 4 болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дүрслэх үед холбоо тогтоож, дельта түвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дүрслэх үед бүрэн холбогдоно /Б.Болдсайхан, 2005/. Энэ байдал цаашид гүнзгийрэн лавшрахыг самади агуулах буюу өөрийгээ огоорох үзэгдэл гэнэ. Самадид орохын нэг жишээ бол өнөөгийн шинжлэх ухааны үзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гаргасан түүний шарил юм. Унтаж байгаа хүн шиг түүнд үхлийн шинж тэмдэг огт байгаагүй байна. Үүнийг өөрийгээ огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том үр дүн юм. Бурханы ухамсарт автан оршиж байгаа дүр гэсэн үг. Ухамсраараа өөрийгээ захирахын үлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хүн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнүүд олж олон зууны турш хэрэгжүүлсний нэг жишээ нь энэ юм. Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгүй мухардаад байгаа тэр Итгэл хамба маань бясалгалын өндөр дэсэд хүрсэн, сүнсний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хүн байхнээ.
Дараагийн үзэгдэл бол хүний хоёр тал тархины баруун нь зүүнээсээ дутуу хөгжсөн явдал юм. АНУ-ын ихэнх мужийн хүн амын дунд явуулсан судалгаагаар хүмүүс цагийнхаа 70 хувийг зүүн тархи ажиллуулах зүйлд, ердөө 30 хувийг нь баруун тархи ажиллуулах зүйлд зарцуулдаг ажээ. Энэ нь математик, хэл, логик, дүн шинжилгээ зэргээр хэт хөөцөлдсөнийх гэж эрдэмтэд үзсэн бөгөөд баруун тал тархины үйл ажиллагаанд холбогдох дүрслэл, өнгө, хөг айзмын мэдрэмж бага хөгжсөн байна. Профессор Орнстейн баруун тал бөмблөгийг зүүний түвшинд аваачих туршилтаараа нэг тархи нөгөөтэйгээ нийлэн ажиллахад үйлдлийн үр дүн нь тооцоолж байсан шиг 2 дахин бус харин 5-10 дахин нэмэгддгийг тогтоосон байдаг /Тони Бьюзен, 2004/. Энэ үзүүлэлтийг бясалгалаар бий болгож болно гэсэн үг. Тархины судалгааны өөр нэг мэдээгээр хүмүүн /бас дельфин, халим/-д хожуу үүссэн хоёр тал бамбөлөгийн дээд буюу ухамсарлагч, оюунлиг шинэ тархи /анагаахын хэлээр төв доод тархины хэсэгт хунирсан атираат хавхаг/нь оюуны үүргийг гүйцэтгэдэг бөгөөд доод тархи буюу ухамсрын нөлөөнд ажилладаг зөнч, сэтгэл хөдлөлийн хуучин тархи нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, биеийн хэм, цусны даралт, химийн тэнцвэр, хоол боловсруулалт, сэтгэл хөдлөлийг хянаж байдаг. Хувьслын явцад доод тархи нь доод төрөлт амьтны хувьд ноёрхогч байдалтай болсон гэж үздэг. Харин бясалгалаар дээд буюу ухамсрын тархи нь доод тархиа хөтлөх боломж бүрдэх юм. Энэтхэгийн йогч Свами Рама 1970 онд Канзасийн Фонд Меннинжерт болсон оюун ухаанаар биеийг удирдах эрдэмтдийн туршилтанд оролцож тархины долгион, амьсгалын хэм, арьсны хариу үйлдэл, зүрхний ажиллагаа, биеийг дулааныг хянаж, цусны эргэлтээс зүрхээ салгаж, биеийн баруун зүүн хэсгийн дулааныг сольж өөрчилж үзүүлсэн юм. Тайван бөгөөд гипноз /хагас унтаа/-ын төлөв нь дээд, доод тархины хооронд чөлөөтэй хурдан холбогдох боломж бий болгодог байна. Энэ үр дүнд бясалгалаар хүрэх боломжтой юм. Профессор Розенцвейгийнхаар хэрвээ тархийг өдөөж /мэдээж зөв өдөөх хэрэгтэй/ байвал наснаас үл хамааран тархины торны тэмтрүүлд сэртэн бий болж, тархины холбоосыг нэмэгдүүлдэг байна. Бясалгалын үед тархины цусан хангамж 35% нэмэгддэг хийгээд Нью Йоркийн телефон харилцааны компаний ажилчид өдөрт 2 удаа 15-20 минут бясалгаснаар бүтээмж нь ихэссэнийг тогтоосон байна.
Атлантидийн болон түүнээс өмнөх үеийн хүмүүст байсан гуравдагч нүд буюу билгийн мэлмий дотоглож ширгэхдээ толгойн орой /зулай/-гоос доош босоо чиглэлд, гуравдагч мэлмийгээс арагш хэвтээ чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд үздэг /Э.Р.Мулдашев, 2005/. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтхий эсүүдтэй болохыг судлаачид тогтоосон бөгөөд эдгээр мэдрэг эсүүд нь нүдний торлогийн адил харах чадвартай учраас чухамхүү энэ чадавхийг нь бясалгаж хөгжүүлснээр хүмүүний гэрэл мэдрэх чадавхийг хөгжүүлэх бас нэг боломж юм. Уг булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал үүсэхээс сэргийлж, цусны даралт унах, зүрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийгсдийн цусанд энэхүү булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдгийг бас тогтоосон. Сэтгэцийн өвчтөнд энэ даавар жирийн хүнийхээс багасдаг. Мелатонины ялгаралт ихсэхэд хүн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах үйлдэлтэй эм хүртэл гаргаад байгаа. Энэ үүднээс бясалгал нь эрүүлжүүлэх нөлөөтэй юм.
Гэхдээ бясалгалын гол асуудал бол эрүүлжих мэтийн физик биеийн хүрээний багавтар үр дүнд хүрэх явдал огт бус, харин сүнсний энергийг хөгжүүлэх явдал юм. Сүнсний хөгжлийг хангах нь бясалгалын хамгийн гол зорилго, гол үр дүн мөн. Сүнсийг материаллиг хүлээснээс нь чөлөөлж сэтгэлгээний хүрээнд хөгжүүлэх нь сүнсний хэрэгцээ юм. Үүнийг бясалгалаар бүтээдэг юм байна.
Ертөнцийн хүнийх магадгүй 90 гаруй хувь нь шугаман сэтгэлгээ юм. Шугаман гэдэг нь оролт, гаралт нь мэдэгдэж байна гэсэн үг. Бясалгаад та эрүүлжинэ гэх жишээтэй. Гэтэл бясалгал маань өөрөө ийм нэг шугаман хамааралд харъяалалгүй, орон зайн сэтгэлгээний асар том үйл явц юм. Харин хүн болохоор шугаман сэтгэлгээтэй хирнээ шугаман хамаарлын хамгийн гол хуулийг мартсан байна. Өөрөөр хэлбэл бие махбодийн болон сүнсний энергийн байдал нь хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйлтэй шууд хамааралтайг умартжээ. Энэ нь хүнийг хүн-робот болгосон байна. Тиймдээ ч XIII, XXI зууны монголчууд хоёр өөр хүмүүс юм. Өмнөхөд нь шугаман бус сэтгэлгээ амьдралын бүх хэлбэрт тууштай нэвтэрсэн байж л дээ. Тэгвэл өнөөгийн хүний тархи, компьютер хоёр хоёулаа компьютер юм байна. Түрүү үеийнх нь арай дээр байж. Компьютерийн хөгжлийн дүнд багтаамжийг нь 1 мм зайг 1000 –аас одоо 1 сая болтол шахах боломжтой боллоо. Харин бид өөрийн компьютер /тархи/-ийг ингэж ашиглавал сүнсний хөгжлийн өндөр түвшинд хүрнэ. Компьютерт атомыг атомаар нөхөж багтаамжийг нь ихэсгэж байгаа бол хүмүүнд ийм хэрэгцээ байхгүй, байгаагаа зөв ашиглавал болчих нь тэр. Компьютерийн мэдээллийг нэг чиглэлд нэвтрүүлэх асуудлыг шийдсэн нь харин хүнээс давуу юм. Хүмүүн энэ сул талаа өөрчилж, анхаарлаа шулуутгаж, “Би”-гээс түр ч болов салж хагацаж чадвал сул талаа харин ч давуу тал болгож болохнээ.
Бясалгалаас ийм тийм үр дүн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагүй юм. Ихэнх зүйлийн хариуг бид төсөөлж мэддэг шугаман сэтгэлгээний үйлдэлтэн юм. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зүйл. Энэ нь өнөөгийн бүх хөгжлийн, түүний дотор хүмүүний хөгжлийн чөдөр тушаа юм байна. Бясалгалын явцад хүмүүнд өөрт нь урьдаас хэлж таах аргагүй олон процесс, үйл явц аяндаа өрнөж, эмх замбраагүй байдалд орж, тэндээсээ аяндаа эрэмблэгдэх зэргээр санаснаас хавигүй өөр үр дүн гарна. Энэ үйл явц нь бясалгалын арга бүрд, бясалгагч бүрд адилгүй учир нэг тийм юм болно гээд урьдаас төсөөлчихвөл тэр юмнаасаа хэтрэхгүй, өөрөөр хэлбэл шугаман бус хамаарал алдагдаж, хайрцаглагдсан шугаман үр дүн гарна. Нөгөө нэг зүйл бол зөвхөн дээд бясалгалаар дээд үр дүн гарна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Өнөөгийн шинжлэх ухаан бүхэлдээ махан бодид төвлөрсөн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн үүсэлтэй физик бие, мах, цусны систем төдий юм. Түр настай, тордлого авах боломжгүй систем юм. Тийм болохоор гени /удамшил/-ийн кодыг бүрэн нээгээд ч, хүнийг хувилаад ч үр дүнгүй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар өнөөдөр хүн төрөлтөн оносон философгүй, нийгмийн зөв онол хуульгүй, хүнтэй холбоотой бүхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хөгийн тоглоомондоо улайрч, материаллиг зүйл уруу үхэлдэн тэмүүлцгээж, бүр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллиг ертөнцийн буюу зах зээлийн хуулийг хүний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Үүгээр хүмүүний үнэн төрх, мөн чанар дуусч байгаа юм. Ингэж хүн-роботыг хоёр зууны өмнөөс бүтээжээ. Тэр цагаас хүн сэхэл авах тэнхэлгүй, өндрөөс шидсэн чулуу шиг доройтож байна. Үүнийг дорны сургаальд “цөвүүн цаг” гэж нэрлэж. Хүн-роботын хувьд цөвүүн цагийн 5 үзүүлэлт болох буруу үзэл дэлгэрэх /үзлийн цөв/, уур омог, шунал тачаал, атаа жөтөө зэргээр сэтгэл санаа муудах /нисваанисийн цөв/, өвчин тахал, ган зуд, дайн дажинд нэрвэгдэх /цагийн цөв/, насан хутаг, заяа буян хомсдох /насны цөв/, өнгө зүс, бие бялдар, сэтгэхүйн чадавхи доройтох /амьтны цөв/ явдал биеллээ олж буй хэрэг юм.
Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал, гэгээрэл, ухаарал юм. Хүмүүний өөрийн оролдлого, хичээл зүтгэл нь аяндаа өөрөө гэгээрэл, тэр хүмүүн бээр гэгээнтэн юм. Оролдлого, чармайлт гэдэгт мэдээж хэрэг байшин барьж мөнгө олох гэхчилэн материаллиг зүйлийг оруулж хэлээгүй юм. Сургууль дүүргэж мэргэжилтэн болдог шиг бясалгал дүүргэж гэгээнтэн, бурхад болох юм байна л даа.
Оролт = бясалгал ® гаралт ?
Сэтгэхүйн энэ бодлогыг бодож сурах хэрэгтэй шиг байна.
Гэхдээ эцсийн гаргалгыг нь төсөөлж бас болохнээ. Энэ нь мэдээллийн буюу дээд ухамсрын түвшинд харилцаа гайхалтай чөлөөтэй явагддаг, уураг тархины өчүүхэн боломжоос хэтийдсэн тэр шийдэлд махран хүрч, мөнхийн гэгээрэл, мөнхийн нас, мөнхийн жаргалыг олох явдал юм.
Бясалгалын дээд үр дүнгийн нэг нь хувь заяаны ариусгал болно. Сайн, муу аль ч үйл нь үр дүн дагуулдаг. Энэ нь хүмүүн бээр сансрын хүлээсэнд уягдан улмаар төрөх, өвдөх, үхэхийн хүрдэнд эргэлдэх шалтаг болдог байна. Хүмүүсийн үйлдлийн үр дүн нь цахилгаан-соронзон мэдээллийн хэлбэрээр бичигдэж үлдэхдээ тухайн хүний хувь заяаны дэнсийг хувирган өөрчлөх программ болж байдаг байна. Энэ программ нь махбодийн энергийн утгыг хийгээд эсийн программыг өөрчилж байна гэсэн үг. Энэ нь хүмүүний хөгжил хийгээд доройтлын шалтгаан болно.
Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй хувь заяагаа доройтуулдаг байна. Хүний тархины багтаамж нь 9,5 сая километр цувиж сунгасан хальстай тэнцүү болохыг эрдэмтэд тогтоосон байна /Д.К. Анохин, 1985/. Энэ соронзон хальсан дээр хүмүүний төрөл төрөлдөө, үе үедээ бичиж үлдээсэн буюу бичиж байгаа бичлэг нь цахилгаан-соронзон хэлбэртэй энергийн төлөөлөл болох учраас энерги устаж үгүй болохгүй тухай термодинамикийн 1-р хуулийн 2-р заалт ёсоор арчигдаж арилахгүй мөнх юм. Үүнийг галд шатаагаад ч, хар салхи дайраад ч, лантуугаар давтаад ч устгаж чадахгүй юм. Харин цахилгаан-соронзон баллуур буюу цахилгаан соронзон долгионы их үелзлийн хүчээр баллуурдаж бүдгэрүүлэх юмуу бүрэн цэвэрлэн арилгаж болох юм байна. Зөвхөн Аръяабалын бясалгал нь энэхүү гайхамшигтай баллуурын үүргийг гүйцэтгэж чадах цорын ганц арга бөгөөд үүний дүнд хувь заяаны төөргөө бүрэн өөрчлөх боломжтой гэсэн үг юм.
Удамшлыг эдүгээ зөвхөн физик биед л хамааруулж ойлгодог ба харамсалтай нь хүний тухай илүү дээд ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогүй юм. Зүй нь гени буюу удамшлын өнөөгийн ойлголт нь физик биед хамаарна. Энэ нь хүн гэсэн утгыг бүрэн илэрхийлэхгүй ба хүний тухайд физик бие нь хувцастай адилтгахуйц зүйл гэсэн үг. Шинжлэх ухааны ойлгож буйгаар хүний үүслийн 30% нь л генийн гаралтай юм. Профессор Х.Сүхбаатарын тооцсон гэр бүлийн математик загвараар бол хүмүүний эцэг эхээс өвлөн авах зүйл хамгийн ихдээ 41% байна. Ийм өчүүхэн зүйлийг хүн хэмээн ойлгосон одоогийн шинжлэх ухааны ойлголтын хүрээ нь бидний өчүүхэн хэсгийг эзэлж байгаа физик биеийн судалгаа төдий юм. Бидний өмсгөл хувцсыг хичнээн солиод ч тухайн хүний мөн чанарыг өөрчилж чадахгүйтэй адил физик биеийг яаж ч судлаад хүний мөн чанарыг танин мэдэж чадахгүй юм.
Хүний мөн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нөхцөлддөг болж таарч байна. Иймээс айлын 10 хүүхэд 10 янзын ааш ариншин, авъяас чадавхи, бие бядар, оюуны хөгжилтэй. Тэдгээрийг угтаа сүнс буюу энергийн нь мөн чанар тодорхойлж байгаа хэрэг. Сүнс нь биологийн системд болохоор термодинамикийн 1-р хуулийн ойлголттой тохирно. Энэ хуулиар энергийг устаж үгүй болохгүй гэж заасан. Наанадаж 5000 жилийн өмнө айлдсан Энэтхэгийн шашны Бхагавад-Гита хэмээх сурвалж бичигт сүнсийг “үл устаж сөнөх, хэмжихийн аргагүй, мөнх” гэж заасан нь дээрх онолтой дүйж байна. Хүний мөн чанарыг энэхүү цөм энерги тодорхойлдог байна. Тэгэхээр хүний хөгжил гэдэг нь энергийн хөгжил, түүний дотор сүнслиг энергийн хөгжил юм. Энэхүү хөгжлийг бясалгалаар олж авах боломжтой бөгөөд бясалгалын хамгийн гол үр дүн юм. Энэ хөгжлийг гэгээрэл гэдэг байна. Бичиг үсэгт тайлагдсаныхаа хирээр уншиж үзэж мэдлэг хуримтлуулахыг эрдэм гэдэг. Энэ нь гэгээрэл хараахан биш юм. Гэгээрэл нь хүн өөрийгээ дотроос нь хөгжүүлж жинхэнэ мөн чанараа таньж нээж олохыг хэлнэ. Хүн төрөлхтний Алтан үе эхлээд дөрөв дэх жилдээ орж байна. Алтан үеийн өөр нэг онцлог нь шашны ялгаа үгүй болж, хүн бүхэнд төрөлхөөс заяагдсан бурханлиг мөн чанараа нээн олох боломж юм. Энэ боломжийг дэлхийн олон сая хүн эрхэм зорилгоо болгоод байгаа нь нэн талархууштай. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн дээд шат, ухаарлын дээд шат, хүмүүний хөгжлийн дээд шат болох гэгээрэл уруу тэмүүлцгээж байгаа хэрэг юм.
Хэвлэл
Чин Хай Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр /Үлгэр дэвтэр/
Чин Хай Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр, 4-р боть
Анохин Д.К., Философский мысл проблемы естественного и искуственного интеллекта, Кн. Кибернетика живого, Изд. Наука, Москва, 1985
Баасанжав Д. Уураг тархины биоцахилгаан идэвхжил, насны хөдлөлзүй, Улаанбаатар, 1982
Boldsaikhan B. Бясалгал ба орчин үе, Papers and Introductions of Books of Buddhist Culture, Mongolian State University and Tibet Fondation in London, Book 3, 2005
Лхагваа Г. Хүн төрөлхтний энергийн хууль, Улаанбаатар, 2006
Сүхбаатар Х. Гэр бүлийн математик загвар, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, Улаанбаатар, 2007
Мулдашев Э.Р. Хүн бичнээс үүсээгүй, УБ, 2005
Тони Бьюзен Тархины хүч чадлаа дээд зэргээр ашиглая, Улаанбаатар, 2004
Туваанжав А. Хүн бүр ид шидтэй, Бурханлиг Өдрийн сонин №235, 2004
Hurelsukh S, Ochirsukh S. Physik of Religion, Papers and Introductions of Books of Buddhist Culture, Mongolian State University and Tibet Fondation in London, Book 2, 2004
No comments:
Post a Comment